| Өгөх нь авахаасаа илүү өлзийтэй |
|
Өгөх нь авахаасаа илүү өлзийтэй хэмээн Монголчууд эрт дээр үеэс ярьсаар ирсэн. Эцэг эхийн хайр энэрлээс хол хөндий өссөн бяцхан үрс сэтгэлдээ эцэг эхийн хайр энэрлийг үгүйлсээр өсөж байна. Тэдэнд олон хэрэгцээтэй зүйлс бий, гэвч бодохоос цаашгүй...Эцэг эх нь байсан бол тэдэнд дулаан үг үл дутаж, дулаан хувцасаар үл тасалдана.Хөөрхий үрс маань өвөл болж байхад зуны хувцастай гүйлдэх нь энэ үгийг өөрийн эрхгүй санагдуулж өр зүрхийг өвтгөнө. Монголын 100 гаруй ирээдүйн эзэд ийм байдлаар хорвоогийн бор тоосыг хөдөлгөж явна. Тэдний ээж аав хаана явна вэ! Зарим балчир үрсийн энд ирсэн шалтгааныг багш нараас нь асуухад “Аав нь архи уугаад алга болсон, эх нь охиноо өсгөж чадахгүйн эрхэнд энд өгсөн, эх нь архичин болсон, хойд эцэгтээ цодуулдаг байсан” гэх бодохоос айдас хүрэм үгийг хэлж байлаа. Хорвоод хар бараан сүүдэр их байдаг хэдий ч харин энд ирсэн хүүхдүүд маань сайн багш нарын ачаар зөв хүмүүжин ирээдүйг өөдрөгөөр төсөөлөн амьдарч байна. НЗД-ын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай төвд 2011 оны 11 сарын 5 өдрийн өглөөний 11 цагт ирэхэд хүүхдүүд маань биднийг угтаж, урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Бид алаг үрсийнхээ хэрэгцээг тэдний санал дээр үндэслэсэн учраас хүүхэд бүрт Чуба чубс чихэр, 6-8 насны 3 охинд барби хүүхэлдэй, 30 орчим 15-18 насны охидод өвлийн куртик, үлгэрийн ном, дэвтэр, хүүхдийн кино, шатар, тенисний хэрэглэл зэрэг олон арван барааг бэлэглэсэн юм.
Ийнхүү албан ёсны хөтөлбөр өндөрлөж бид тэдний нэг өдрийн амьдралтай танилцлаа. Хоёр давхрын хөвгүүдийн тасгаар орлоо. Хөлбөмбөгийн баг болон алдартай дуучдын плакатыг өөрөөндөө шүтэн залжээ. Энэ дундаас дуучин Болдын плакат арай илүү зонхилно. Унтдаг ор нь муудсан гэж Б.Бадамханд, Б.Төгсжаргал багш учирлалаа. Удахгүй интернэт оруулах бодолтой байгаа, ер нь хүүхдүүд маань сайн дуулгавартай шүү гэж багшийн хэлэх үг сэтгэлд нэг л дулаахан санагдана. Кордиорт биллярдын ширээ, хөлбөмбөгийн тоглоом байх нь тэдний хамгийн эрэлт хэрэгцээт тоглоом ажээ. Дээшээ охидын давхрыг сонирхолоо. Хөвгүүдээс арай илүү цэвэрхэн харагдана. Учир нь охид хөвгүүдийн дунд “Цэвэрч туулай” уралдаан явуулдаг учраас өрөө бүр цэвэрхэнээс цэвэрхэн байдаг юм. Түрүүлсэн өрөөнд арай илүү тохижилт хийдэг учраас хүүхэд бүр энэ болзолыг биелүүлэхийн төлөө хичээдэг юм шүү гэж багш сэтгэл дүүрэн хэллээ. Цаашаа явж доод давхарын подволруу орж амьдрах ухааны сургалтын төвүүдээр зочиллоо. Гутал эсгэж байгаа багштай ярилцахад: Манай хүүхдүүд уран шүү, өөрсдөө гутлаа хийгээд өмсөнө, хэний ч өмнө нүүр улайлгахгүй явна шүү, гэж магтлаа. Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг ажиглахад мэргэжлийн оёдолчноос дутуугүй харагдах нь багшийн хэлснийг гэрчилнэ.
Үүнээс гадна энд өөр нэг сонирхол татах зүйл бол Гандантэгчинлэн хийдээс бэлгэлсэн Монгол зан үйлийн гэр байлаа. Хүүхдүүд гэр гэж чухам юу байх, доторх хэрэглэл, бурхан шүтээний талаар илүү сайн ойлголттой болжээ. Заримдаа болохгүй хүүхдүүдийг энэ гэрт оруулаад лам багшаар ном уншуулж сургааль айлдуулахад үгэнд сайн орж, сайн сурдаг гэж багш хэллээ. Ингээд дээшээ гарч номын сан, амьд байгалын кабинатыг сонирхон хуримын ордны хамт олны тохижуулж өгсөн нэгэн өрөөгөөр орлоо.
Энд хүүхдүүд маань хааяа эргэн ирдэг эцэг эх, төрөл садантайгаа уулздаг учир, уулзах халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн өгсөн нь энэ юм. Өрөөнд хүүхдүүдийн амьдралын талаар багштай ярилцан суутал өдрийн хоол идэх урилга ирлээ. Хөгжлийн хөтөч үрстэйгээ өдрийн зоог барьлаа. Бүгд “Тавтай сайхан хооллоорой” гэж хэлээд тухтай нь аргагүй хоолоо идэж байна. Хоол амттай байлаа. Гэвч ирээдүйн алаг үрсийн харц нэг л доогуур харагдана... Гэхдээ тэд нэг л өдөр амьдралын үнэнийг олж мэднэ. Бас харц дээгүүр эрхэмсэг Монголын ирээдүйн эзэд болно. Тун удахгүй... Улс төр менежментийн академийн багш А.Санжмятав |













